Талбай бэлтгэх: Талбайг 1м2 тутамд 4-6 кг өнжиж харласан хөх бууцаар бордоно. Бууцаа 1 см2 ихгүй нүхтэй шигшүүр (цагаан толгойтой төмөр орны пүрш) –ээр шигшиж байж хэрэглэнэ. Талбайн гадаргад болон өнгөн үед чулуу байвал түүж зайлуулна. Тарихын өмнө талбайн гадаргыг ус жигд тардаг байхаар тэгшилж, 20см-ээс доошгүй гүнд нэвчтэл цэнгэг усалгаа хийнэ. Хэрэв талбайн өнгөн үе үржил шимгүй, хайрган чулуу ихтэй бол тэр үеийг малтаж гаргаад оронд нь эсвэл дээр нь үржил шимтэй сайн хөрсийг өөр газраас зөөж дэвсэнэ. Хөрс шаварлаг бол өнжсөн хөх бууц, элс, модны үртэс, нүүрсний нунтаг хаягдал, хэрэв элсэн хөрс бол шаварлаг юмуу шавранцар хөрс, өнжсөн хөх бууцны аль боломжтойг нь хольж сайжруулна. Цэнэг усалгаа хийсэн талбайгаа 20см-ээс багагүй гүнд хүрзээр уллаж хөмрүүлэн хагалаад тэгшилнэ. Үр тарихад бэлтгэх: Тарих гэсэн сортын үр хэрэв хагарч бяцарсан, гадны ямар нэг хольцтой, өвчин хортонтой байх шинж тэмдэгтэй бол 90-иас доошгүй болтол цэвэрлээд ариутгана. Соёололтыг энгийн нийтлэг аргаар шалгаж 80 хувиас доошгүй тарина. Тарих хугацаа - Тарих газар нутгийнхаа хоногийн дундаж темпратур нь +10 градусыг давж тогтвортой дээшлэх хугацааг мэдмэгц тарьвал илүү тохиромжтой. Үрийн норм- Үрийн норм нь сортын ургах хугацаа, үрийн том, жижиг (1000 үрийн масс), үрийн цээршилт, соёололтын хувиас хамаарч нэг га-д 80-120 кг буюу 1м2-д 8-12 гр байх жишээтэй. Өөрөөр хэлбэл сорт хэдийн чинээ хурдан болцтой, жижиг үртэй, цэвэршилт, соёололтой сайтай байна үрийн норм төдийн чинээ бага байдаг. Тарих арга, гүн - Шар буурцаг гэрэлд дуртай ургамал учраас тарьсан эгнээ нэг нэгнээ сүүдэрлэхээргүй байхаар заавал өргөн эгнээгээр таригдана. Эгнээ хоорондоо 40-45 см, нэг эгнээгээр үр хоорондоо 2 см зайтаагаар 4-5 см гүнд тарина. Арчилгаа: Арчилгаанд хөрс боловсруулах, услах, бордох, хог ургамалтай тэмцэх, өвчин хортноос урьдчилан сэргийлэх, цочир хүйтрэлтээс хамгаалах арга ажиллагаа хамаарна. Хөрс боловсруулах: Шар буурцгийг соёолохоос нь өмнө хөрсний өнгөн үед гарсан хог ургамлыг гэмтээхээргүй гүнд 3-4 удаа сийрүүлнэ. Ингэхэд хог ургамал хамт устах ёстой. Ургалтын үеийн усалгаа: Шар буурцгийг соёолохоос цэцэглэлт хүртэлх хугацаанд нь хөрсний өнгөн үе 5 см чийггүй болох, навч гандах тухай бүрд 1 м2 –д 25-30 л нормоор усална. Хэрэв хэт халалт болбол сэрүүцүүлэх усалгааг бага нормоор хийнэ. Цэцэглэлт, буурцаглалт, үр цутгалтын үеийн усалгааг ахиу нормоор 1м2-д 40-50л хийнэ. Хэрэв дээрх үе шатны аль нэгд бороо хангалттай орвол тухайн үеийнх нь усалгааг хасч болно. Бордох. Экологийн цэвэр ургац авахын тулд химийн бордооноос татгалзах нь зүйтэй. Бордохдоо малын бууц, нунтаг баас, шувууны сангасын исгэсэн шингэнийг ашиглана. Үүний тулд 100л-ийн багтаамжтай саванд 30-40 кг бууц, эсвэл нойтон баас, сангас хийж усаар дүүргэн таглаад исэлт нь гүйцсэний дараа бууц, юмуу нойтон баасны 1 л шингэнийг 9 л усаар, сангасны шингэнийг 14 л усаар шингэлж шар буурцгийн эгнээнд нь ойрхоноор 1 м тутамд 1-1,5 л нормоор цэцэглэлтийн өмнө, цэцэглэлт, буурцаглалтын үе тус бүрд 1 удаа хийнэ. Хог ургамалтай тэмцэх. Хог ургамал нь шар буурцагт ноогдох шим тэжээл, ус чийгийг булаацалдан бас сүүдэрлэж, гэрлийн хангамжийг муутгах учраас, дөнгөж ургах тухай бүрд нь устгах хэрэгтэй. Төгсгөл: Ер нь шар буурцгийг ургуулахад төмс, хүнсний ногоо ургуулахтай адил анхаарал, ажиллагаа шаардана.
|